Цахим суваг:-

А.Эрдэнэбат: Нийгмийн бухимдал, стресс бамбай булчирхайн өвчлөл ихсэх нэг шалтгаан болж байна

932

Уламжлалт анагаах ухааны Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн Дүрс оношилгооны эмч А.Эрдэнэбаттай ярилцлаа. А.Эрдэнэбат нь бамбай булчирхайг эхогоор оношлох чиглэлээр олон жил судалгаа, шинжилгээ, үзлэг хийсэн эмч юм.

-Таныг бамбай булчирхайн эхо оношилгооны чиглэлээр мэргэшсэн эмч гэдэг. Энэ чиглэлээр хэзээнээс ажиллаж эхэлсэн бэ?
-Би 1984 онд Анагаах Ухааны Дээд сургуулийг төгсөөд цэргийн газар ажилласан. Дараа нь СБД-ийн Нэгдсэн эмнэлэг буюу хүмүүсийн нэрлэж заншсанаар Хүүхдийн хоёрдугаар эмнэлэгт рентгений эмчээр ажиллаж байгаад эхоны олгох курс дүүргэж тус төвийн анхны эхоны эмчээр ажилласан. Тухайн үед Эх нялхсын Эрдэм шинжилгээний төвд хэрэглэж байсан хоёр хэмжигдэхүүнтэй дүрс гаргах, дүрс буулгах, хувилах принтер нь зенит зургийн аппараттай эхог манай эмнэлэгт бэлэглэж, тэр аппаратаар нь эхоны кабинет нээн ажиллуулж байлаа. 1992 оноос Эрүүл Мэндийн яамны харьяа Хоол судлалын төв, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнд хэт авиа оношилгооны судлаач, эрдэм шинжилгээний эмчээр ажиллаж, аймаг, дүүргийн үе үеийн дотоод шүүрлийн эмч (эндокринолого) нартай хамтран сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг хийж эхэлсэн. Дараа нь НҮБ-ын Хүүхдийн сангийн “Иод дутлын эмгэгтэй тэмцэх” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Монгол улсын хэмжээнд Ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын дунд бамбай булчирхайн хэмжээ, эзлэхүүн, голомтот өөрчлөлт, бахлуурын тархалт илрүүлэх судалгааны ажилд биечлэн оролцсон. Энэ хөтөлбөр дээр бамбай булчирхайг харах анхны зөөврийн эхоны аппарат дээр ажиллаж байлаа. Мөн Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага “Жайка”- ын Эх хүүхдийн эрүүл мэндийн төслөөр бамбай булчирхайг харах тав, зургаан эхо аппарат орж ирсний нэг дээр би ажиллаж байлаа. Энэ төслийн хүрээнд Японд гурван сарын дадлага хийгээд ирсэн юм. Тиймээс “Жайка”- гийн төслөөр орж ирсэн эхо аппаратуудыг бамбайн өвчлөл ихтэй байсан Хөвсгөл, Булган, Сүхбаатар, Өвөрхангай зэрэг аймгуудад хуваарилж, бамбай булчирхайг эхогоор үзэх дадлага курсийг орон нутгийн эмч нарт явуулж байсан. “Жайка”-гийн төсөл таван жил үргэлжлээд дууссаны дараагаар өрхийн эмнэлэгт эхоны эмчээр ажиллаж байгаад, одоо Манба Дацан Нэгдсэн эмнэлэгт ажиллаж байна. Манай эмнэлэг уламжлалтын анхны Нэгдсэн эмнэлэг. Туслах кабинет, эхо, рентген, зүрхний бичлэг, лабораторийн шинжилгээ хийдэг. Бид бамбай булчирхайн эмгэгийг уламжлалтаар эмчлэх, үр дүнг нь тооцох талаар судалгааны ажил хийхээр төлөвлөж байгаа учраас манай дүрс оношилгооны кабинет нь бамбай булчирхайг түлхүү хардаг. Мөн дотор эрхтэн систем, хөх харж оношилж байгаа.
-Судалгааныхаа талаар дэлгэрэнгүй танилцуулахгүй юу?
-Одоогоор бэлтгэл ажилдаа явж байна. Манай эмнэлэг Японы Хитачи- Алако фирмийн хамгийн сүүлийн үеийн өндөр хүчин чадалтай суурин зориулалтын бамбай булчирхайг харах мэдрэгч датчиктай эхо аппараттай. Судалгааны зорилго нь сүүлийн үеийн өндөр хүчин чадалтай хэт авиа оношилгооны тоног төхөөрөмжийн хүчин чадлыг бүрэн дүүрэн ашиглаж, хүн амд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг ойртуулан, бамбай булчирхайн бүтцийн болон голомтот өөрчлөлтүүдийг илрүүлэх, бататгахад оршиж байгаа юм. Судалгааны зорилт нь хүн амын дунд бамбай булчирхайн бүтцийн болон голомтот өөрчлөлтүүдийг хэт авиагаар илрүүлэн бататгах, цаашид бамбай булчирхайг уламжлалт анагаах ухааны тан, шавар эмчилгээ, засал, тарни номын аргаар эмчлэх, судлах, үр дүнг нь тодорхой үе шаттайгаар дүгнэн гаргах юм. Судалгааг уламжлалт анагаах ухааны, эндокринолого, хэт авиа, лабораторийн эмч нартай хамтран иж бүрэн цогц талаас нь явуулах төлөвлөгөөтэй байгаа. Өнгөрсөн 2017 онд зөвхөн бамбай булчирхайн эхогоор 70-аад хүн үзэж, оношилсон бол он гараад 46 хүн үзсэн. Дээр үед бамбай булчирхайн зориулалтын эхо ховор, хардаг эмч ч цөөн байлаа. Одоо техник тоног төхөөрөмж хөгжөөд, эмч нар ч суралцаад түгээмэл үздэг болсон байна. Гэхдээ аймаг, дүүргийн, хувийн эмнэлгийн дотоод шүүрлийн эмч нартай хамтран ажиллаж, шаардлагатай онош тодруулах бамбай булчирхайн бүтцийн болон голомтот өөрчлөлттэй хүмүүсийг манай эмнэлэгт хардаг. Бамбайн хордлоготой, уйланхайтай, зангилаатай хүмүүс сайн дураар манай эмнэлэгт үзүүлээд уламжлалтаар эмчлүүлж байна. Ер нь бол Өрнийн анагаах ухаанд бамбайн эмгэг удаан эмчлэгддэг, удаан хугацаагаар бага тунгаар эм уудаг гэдэг үүднээс уламжлалтаар эмчлүүлэх сонирхолтой хүмүүс байдаг. Манайд эмчлүүлээд сайн үр дүн гарсан тохиолдлууд байгаа. Гэхдээ бамбайн зангилаа, уйланхай алга болсон юм биш, бамбайн хордлоготой, зүрх нь дэлссэн, салганасан, нүд нь бүлтийсэн, турж эцсэн хүмүүс тан уугаад хордлого нь эдгэрээд гардаг. Хамгийн гол нь тууштай эмчлүүлэх нь чухал. Өрнийн анагаах ухаанд зангилаа л байвал том байна уу, жижиг байна уу гэдгээс хамаарахгүйгээр хавдрын урьдал үе гэж үздэг учраас мэс заслын эмчилгээний заалттай байдаг. Гэхдээ тэр болгон амьдрал дээр хагалгаа хийгээд аваад байх нь сайн биш. Энэ бол тодорхой хэмжээнд хэрэгтэй эрхтэн учраас мэс хүргэхгүйгээр эмчлэх боломж байна уу гэдгийг судлах гээд байгаа юм.
-Та “Иод дутлын эмгэгтэй тэмцэх” хөтөлбөрийн хүрээнд Монгол хүний бамбай булчирхайн хэлбэр, хэмжээний талаар судалсан гэсэн. Ер нь Монгол хүний бамбайн өвчлөл юунаас шалтгаалж байна вэ?
-Монгол орон далайн төвшнөөс тодорхой хэмжээний өндөрлөгт оршдог учраас нарны хэт ягаан туяаны үйлчилгээ өндөртэй байдаг. Үүнтэй холбоотойгоор усанд байгаа иод амархан задарч алга болдог. Тиймээс хүмүүс иодын дутагдалд орох нь элбэг. Манай орны уулархаг, гол мөрний сав газруудад иод дутагдал ихээхэн тархацтай, харин говийн бүсэд харьцангуй бага байгааг судлаачид тогтоосон. Мөн 40 гаруй насны эмэгтэйчүүдийн бамбай, дотоод шүүрлийн булчирхайн үйл ажиллагаа буураад эхэлдэг. Эдгээр өөрчлөлтүүд зүрхэнд дам нөлөөлдөг учраас булчирхайн эмчээс гадна зүрхний эмчид үзүүлж, хяналтад байх шаардлагатай. Манай эмнэлгийн нэг давуу тал нь бамбай булчирхайн эмгэгтэй хүмүүс оношлуулж, эмчлүүлсэн тохиолдолд бамбайгаас гадна зүрх, бусад эрхтнийг давхар эмчилж, хянаж явдаг.
-Монголчуудын дунд бамбайн өвчлөл хэр байна вэ?
-1990-ээд онд Ерөнхий боловсролын сургуулиудаар ороод харахад бамбай булчирхай нь томорсон хүүхдүүд их харагдаж байсан бол одоо харьцангуй багассан. Харин нүдний шил зүүсэн хүүхдүүд их болсон байна. Энэ нь хотжилт, гар утас, компьютер, ойрын зайнаас зурагт тасралтгүй үздэг болсонтой холбоотой. Бас чихэвчээр байнга хөгжим сонсож, бараг унтахдаа чихэвчтэй унтаж байгаа нь сонсгол муудах хүчин зүйл болж байна. Тухайн үед Монголчууд давсыг иоджуулж хэрэглэж байгаагүй. “Иод дутлын эмгэгтэй тэмцэх” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хамгийн тогтвортой байгалийн иодын нэгдэл болох калий иодатыг Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар Чиба мужаас Монголд нийлүүлж, манай хүнсний үйлдвэрүүд давсаа иоджуулж байсан. Иоджуулсан давс гэдэг нь эм биш, давсны хэрэглээг нэмэх биш, ердийн хэрэглэдгээрээ хэрэглэхэд л өдөрт авах иодын хэмжээг авч, нөхөж байна гэсэн үг. Тэр үеэс иоджуулсан давс тогтмол хэрэглэж байсны үр дүнд бамбайн эмгэг багассан. Одоо хүмүүс өдөр тутам хэрэглээндээ иоджуулсан давс хэрэглээд сурчихсан, хэвшчихсэн болохоор иоджуулсан давсны талаар ярихаа больчихсон. Харин нийгмийн бухимдал, стресс бамбай булчирхайн өвчлөл ихсэх нэг шалтгаан болж байна. Тэгэхээр энэ бол нийгэмтэй холбоотой өвчин. Байнгын стресс, зан харьцаа, сэтгэл санааны гутрал бамбайд мэдэгдэм нөлөөлдөг. Бамбай өвчлөх, сэдрэх шалтгаан бол стресс.
-Одоо иоджуулсан давсыг сайн муу, үнэхээр иоджуулсан давс мөн үү биш үү гэх зэргээр ярьж байгаа шүү дээ?
-Төсөл хэрэгжиж байх үед иоджуулсан давсыг энгийн аргаар шалгадаг байсан. Хурдавчилсан шалгуур (тест)-ын уусмалыг давсны сорьц дээр дусаахад иод агуулсан бол өнгөний хувирал үзүүлж, хөх өнгө үүсвэл иоджуулсан давс байна гэж үздэг. Өрхийн эмч нар л тестээр үзчихдэг байсан. Одоо ийм үйл ажиллагаа явагдаж л байгаа байх. Үнэхээр бидний хэрэглэж байгаа давс иоджуулсан давс мөн үү, үгүй юу гэдгийг мэргэжлийн хяналтын байгууллага ч шалгаж байгаа байх.
-Бамбайн өвчлөл удамшдаг уу?
-Бамбай булчирхайн өвчлөл удамших хандлагатай байдаг. Гэр бүлийн аль нэг гишүүн, аав, ээж, эмээ нь өвчилж, оношлогдсон, эмийн болон мэс заслын эмчилгээ хийлгэж байсан бол ялангуяа охид нь өвдөх магадлал өндөр байдаг. Гэхдээ охид нь толгой дараалан өвдөнө гэсэн үг биш, аль нэг нь бусад хүчин зүйлийн нөлөөллөөр өвдөх магадлалтай.
-Бамбай булчирхайн мэс заслын эмчилгээ хийлгэсэн тохиолдолд бүрэн эдгэх боломжтой юу?
-Мэс заслын эмчилгээ уг нь төгс эмчилгээ болдог. Өвдсөн болгоныг мэс заслын эмчилгээ хийгээд байдаггүй, тодорхой заалт байдаг. Үүнд, зангилаат хэлбэр, бамбай булчирхай томорч ойролцоох эрхтнүүдээ дарах, хорт хавдарт шилжих гэх мэт. Гол нь тухайн голомтот өөрчлөлтийг авч байгаа учраас дахих тохиолдол цөөн байдаг. Мэс заслын эмчилгээ хийлгэсэн бол авсан голомтоос заавал эд эсийн шинжилгээ биопси авч шинжлүүлэх шаардлагатай. Ганц нэг тохиолдлоор бамбай булчирхай үрэвсэж, дахих тохиолдол байдаг. Гэхдээ бамбай булчирхайн хагалгаа бүрэн болон хэсэгчилсэн байдлаар хийгдсэн эсэхээс шалтгаална. Мэс заслын эмчилгээ хийсний дараа өрх, эндокринологийн эмчийн хяналтад байна. Учир нь бамбай булчирхай нь тодорхой нэг үүрэгтэй эрхтэн учраас түүний үйл ажиллагаа дутагдах асуудал гарч болно. Үүнийг эмийн эмчилгээгээр зохицуулдаг. Харьяа дүүргийн эмч, дотоод шүүрлийн эмчийн хяналтад орж, эмийн тунг тохируулан хэрэглэнэ. Өвчний зовуурь, шинжилгээнээс хамаарч өдөрт нэг эсвэл талаар уух шаардлагатай болдог. Тэгэхээр хүмүүс тал эм уугаад хэрэг болж байна гэж бодохгүй, жаахан ууж байгаад дутуу хаячихдаг. Ингэснээр тодорхой хугацааны дараа дутлын болон бусад шинж тэмдэг илэрч болно. Түүнээс биш мэс заслын эмчилгээ муу хийснээс шалтгаалж өвчин дахихгүй. Бусад эрхтэн системийн хавдрыг бодвол бамбай булчирхайн хавдар үсэрхийлэх нь бага байдаг. Хагалгаанаас авсан эдийн шинжилгээ хортой гарвал туяа эмчилгээ хийнэ.
-Бамбай булчирхайн өвчлөлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ. Өвчнөө хэрхэн эрт илрүүлж болох вэ?
-Өрх, дүүргийн дотоод шүүрлийн булчирхайн эмч бамбай булчирхайг харж, тэмтрэн үзэж, хэрэв сэжиг бүхий бол эход бүтцийн талаас нь харуулж, өөрчлөлттэй гарвал үйл ажиллагааны цусны дааврын шинжилгээ өгөх хэрэгтэй. Бамбай булчирхайн эмгэгтэй болж байна уу гэж сэжиглэх анхны шинж тэмдэг бол сэтгэл санаа тогтворгүй, цочромтгой, тайван бус, анхаарал төвлөрөхгүй, түргэн хөдөлгөөнтэй, үг яриа нь олширсон, ядарч, байнга бүх биеэр хөлрөх, халууцаж бүгчимдэх, хоолны дуршил их байсан ч даамжрах явцтайгаар турах, зүрх дэлсэх, зарим үед зүрх орчмоор чичирхийлэх, гар хөл салгалах, хүзүүний урд хэсэгт ямар нэгэн тэмтрэгдэхүйц үүсвэр овойх, нүд бүлтийх, гэрэлд гялбах, нулимс гоожих гэх мэт өөрчлөлтүүд юм. Эдгээр шинж тэмдэг илэрсэн тохиолдолд бамбай булчирхайд өөрчлөлт орсон байж магадгүй гэж үзэн өрх, эндокринологийн эмчид хандах хэрэгтэй. Ер нь хүн бүр өөрийнхөө болон гэр бүлийнхээ эрүүл мэндэд анхаарал тавьж, өвдсөний дараа биш, өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлж, эрүүл мэндийн боловсролоо дээшлүүлэн, эмнэлгийн тусламжийг цаг алдалгүй авч байх хэрэгтэй.
-Бамбай булчирхайг эхогоор яаж үздэг вэ. Ямар нэгэн бэлтгэл шаардах уу?
-Эход харахад үйлчлүүлэгчээс тусгай бэлтгэл шаардлагагүй, зөвхөн хүзүүний зүүлтгүй байх, хэвтээ байрлалд толгойг бага зэрэг гэдийлгэж, мөрөн доороо дэр тавьж хэвтүүлэн шинжилдэг. Цөс эход үзүүлэхэд өлөх байх ёстой гэдэг шиг ямар нэгэн шаардлага тавихгүй учраас хэзээ ч, ямар ч үед бамбайг эход харуулж болно.

-Ярилцсанд баярлалаа.

Ярилцсан: Сэтгүүлч М.Ариунсувд

img

Утасны дугаараа бүртгүүлээд хэрэгтэй мэдээллээ аваарай