Цахим суваг:-

М.Саруул-Эрдэнийн “Хэл заах болон сурах шинэлэг аргаас” лекцэд урьж байна

890

2023.12.22

АНУ-ын Конгрессын номын сангийн номын санч, Монгол номын мэргэжилтэн, хэл шинжлэлийн ухааны доктор М.Саруул-Эрдэнийн “ХЭЛ ЗААХ БОЛОН СУРАХ ШИНЭЛЭГ АРГААС” лекцэд Манба Дацан МУЭСТөвийн хамт олныг урьж байна. Тэрээр Монгол хэл-уран зохиолын багш мэргэжилтэй бөгөөд өдгөө Багш – сурган хүмүүжүүлэх ухаан, Хэл шинжлэл, Орчуулга, Сэтгүүл зүй, Хэл заах арга, Номын сан судлал гээд өөрийнх нь хэлсэнээр “Олон талбарт хүч үзэхийг, хүч үзэж буй талбар бүрдээ тэргүүн эгнээнд явахыг эрхэм болгодог”.  Номын хорхойтнуудын хувьд бол түүний орчуулгын “Эртний Грекийн домог”, Рамстедтын "Дорно этгээдэд долоон удаа", Николас Поппегийн "Дуртгал" гээд л мэдэх юм билээ. 


Зарыг түгээгч миний хувьд  түүнийг “Хоосон үүр” хэмээх хам шинж гэж цахим орчинд нийтлэлийг нь уншиж, овоо эмороод авч байсан нь саяхан.  Энэ нийтлэлийг олон хүн мэдэх байх дөө. 


Хэсгээс нь сонирхуулбал “...Алхаж яваад яагаад ч юм гэнэт сонин сэтгэгдэл төрөөд, эргээд нэг харсан, миний муу хүү, анх удаагаа гэрээсээ гарч ганцаараа амьдрах гэж байгаа амьтан, тэр мэрийгээ ч бодох юм байхгүй, сагсны тэмцээнд л нэг их мундаг тоглочих санаатай, дохийчихсон оочерлож байгаа дүр зураг тусав. “Дохийчихсон” гэдэг нь надаас өндөр атлаа надаас туранхай дохигор амьтан л даа. Тэмцээнээ дуусаад өрөөндөө ороод яах ч юм, амьдрал нь эхлэхээр яах ч юм бүү мэд. Нүдэнд нулимс бүрхээд ирлээ.  Машинаа асаагаад их сургуулийнх нь хотоос гараад, хурдны зам руу орсон, шууд асгардаг юм даа. Нөгөө “хоосон үүр” гээчийг зааж байхад нь доог тохуу хийгээд, гэрээр дүүрэн хүүхэд байна энээ тэрээ гээд байсан, шал худлаа. Эхнэр лүүгээ залгаад, ярих гэсэн юм хэлж чаддаггүй, уйлаад байсан, өнөөх чинь жаахан гайхаж байснаа дагаад уйлдаг юм. Энэ явдлаас хойш би хоёр юмыг ойлгож билээ. “Хоосон үүр” гэдэг тооны асуудал биш юм байна. Үүрэнд байгаа 4 амьтны нэг нь ч гэсэн ниссэн, үүр хоосрох дээрээ тулбал хоосордог л юм байна…” гээд үргэлжилнэ.  Энэчлэн амттай нь аргагүй олон нийтлэл түүнд бий. Хайгаад үз, гараад л ирнэ. 

Ямартаа ч сэтгүүлчийн хувьд ярилцах сан гэж олзуурхаж явдаг энэ цагийн өнгөнд яваа  эрдэмтдийн нэг манай төвд зочлох нь ээ. Сонирхолтой сэдвээр өгөөжтэй яриа өрнүүлэх нь мэдээж. 
Урилга нисгэлээ, товлосон цагтаа тэмдэглэх үзэг, дэвтрээ бариад хүрээд ирээрэй, манайхаан. 

 

 

img

Утасны дугаараа бүртгүүлээд хэрэгтэй мэдээллээ аваарай