Цахим суваг:-

Нийтээрээ үйлдсэн буян шамшигддаггүй

730

2023.12.11

Оточ Манрамба Их Сургуулийн брэнд болох “Манлын цанрил”-ыг жилд 2 удаа зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаагийн цанрилыг УАУ-ы Хүний их эмчийн гуравдугаар курсийнхэн зохион байгуулж буй бөгөөд 2023 оны арванхоёрдугаар сарын 8 буюу билгийн тооллын Өвлийн тэргүүн сарын хуучны 26-нд амжилттай болж өндөрлөлөө.  Энэ өдөр аливаа хийсэн буян сая болон үрждэг ба найман аюул буюу арслан, араатан амьтад, гал, луу, хулгай, аянга, ус, махчны аюулд өртөхгүйгээс гадна “Очир там”-д төрдөггүй гэдэг.

Найман МАНЛА бурхан нь аливаа амьтдыг гэтэлгэхийн тухайд 44 ерөөл талбисан бөгөөд цөвүүн цагт эдгээр ерөөлийн хүч улам хүчтэй болно гэсэн тангарагтай.

ТУС ЭРДЭМ НЬ

Алин бээр МАНЛА бурхныг алдрын төдий өгүүлэх, мөргөх, сонсох, унших хийгээд уншуулбаас түүний адистидээр энэ насанд өвчин үгүй эрүүл урт удаан наслаж , ном хийгээд ертөнцийн эд эдлэлээр дорвилог байж өөр хоорондоо асралын сэтгэл төгөлдөр байх тэргүүтэй тус эрдэм цаглашгүй.

Тэрчлэн энэ насны үйлээр хязгаарлагдахгүй өөд болоочдын хойдын буянд ч тустай бөгөөд тэнгэр хүний сайн төрөлд төрүүлнэ хэмээн номложээ.

Энд нэмэхэд Цанрил гэдэг нь төвөд үг бөгөөд шөнийн турш гэсэн утгатай. Монголчуудын дунд эртнээс Манлын цанрил тэргүүтэн номыг цагаан сар, дүйчэн өдрүүд болон аливаа  хэрэг явдлыг бүтээхийн тухайтад хийд орноороо, анги зиндаа, айлт саахалтаараа нийлэн хурж ирсэн уламжлалтай.  Эмч, эмчлүүлэгчид буяны үр дагаварт уулзан уулзан учирдаг, эдгэрдэг гэсэн айлдвар бий. Тиймээс Манлын цанрил нь эмч, сувилагч, эм зүйч мэргэжилтний буяныг арвижуулах, энэрэл асрал, хүнийг хайрлах нинж асралын сэтгэлийг бясалгаж байгаа юм. Нэг шөнийн турш Манла бурхны уншлага, тарнийг тоолж буянаа арвидуулдаг бөгөөд нийтээрээ үйлдсэн буян шамшигддаггүй гэдэг билээ.

 

img

Утасны дугаараа бүртгүүлээд хэрэгтэй мэдээллээ аваарай