823
2023.11.15
Оточ Манрамба Их Сургууль нь Европын холбооны Erasmus+ хөтөлбөрийн санхүүжилттэй дээд боловсролын цахим шилжилт "Digital Move" төслийг хамтран хэрэгжүүлж байгаа билээ. Уг төслийн анхдугаар уулзалт-сургалт 2023.05.23-нд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан бол 2 дахь сургалт нь Францын Нице хотноо 2023 оны 11 сарын 13-17-ны өдрүүдэд болж байна.
Оточ Манрамба Их Сургуулийн Сургалт эрхэлсэн дэд захирал, уг төслийн координатор БУ-ы доктор, дэд профессор Н.Мөнхжаргал, “Манба Дацан Бодь-сэтгэлтэн” эмнэлгийн дэд захирал, Оточ Манрамба Их Сургуулийн багш, АУ-ы магистр Н.Эрдэнэжаргал, УАУ-ы тэнхимийн багш АУ-ы магистр Б.Болорзаяа нар Францын Нице хотод сургалтад оролцож байна.
Уг сургалтаар Цахим шилжилт гэж юу вэ? Цахимжилтыг их дээд сургууль сурган заах арга зүй, сурах үйл явцад хэрхэн ашигладаг талаар Европийн холбооны зарим сургуулиудын сайн туршлага, Цахим стратеги төлөвлөгөөг хэрхэн хийх зэрэг олон чухал сэдвүүдийн талаар лекц, семинарыг зохион байгуулж байна.
"Digital Move" төсөлд Монголын талаас 4 их сургууль, Францын 1, Словакийн 1, Вьетнамын 7 их сургууль хамтран оролцож байна. Төсөл хэрэгжсэнээр дээд боловсролын байгууллагуудын цахим сургалтын орчин, сургалтын арга зүй, хөтөлбөр, хүний нөөц хөгжихөөс гадна консорциумын хүрээнд сайн туршлагуудаа солилцох, нутагшуулах боломж бүрдэх юм.