Цахим суваг:-

Н.Эрдэнэжаргал: Бид эрүүл мэнд, боловсрол, эм үйлдвэрлэл, шашны салбарт зүтгэж яваа улс, бахархалтай шүү

804

Зочны дугаартаа бид “Манба Дацан-Бодь сэтгэлтэн” эмнэлгийн дэд захирал Н.Эрдэнэжаргалыг урьж ярилцлаа. Удам залгасан эмч тэрээр Уламжлалт анагаах ухааны Оточ Манрамба Их сургуулийн шилдэг төгсөгчдийн нэг бөгөөд өнөөдөр тус эмнэлэгт мэргэжлээрээ ажиллаж, сургуульдаа багшилдаг юм. Анагаах ухааны салбарт тэр тусмаа УАУ-ы салбарт хүч сорихоор зэхсэн шинэ элсэгчид, ажлын гараагаа эхэлж буй шинэхэн эмч нарт илүүтэй хаяглан Ээжгий багшийн яриаг хүргэж байна.   
 
- Өнөөдөр даваа гараг. Өглөөний уншлага...Энэ бол таны төгссөн ОМИС-ийн брэнд юм даа.  
- Тийм шүү. ОМИС-ийн I курсэд орсон эхний өдрөөс өнөөдрийг хүртэл тасралтгүй уншиж байна. Эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусад уншиж буй энэ Манлын уншлага, бясалгал нь УАУ-ы эмч мэргэжилтнүүдийн хувьд маш олон давуу талтай. Бид оюутан байхаасаа дадуулах гэж зургаан жил, төгсөөд ахиад хоёр жилийн цаг хугацааг сэтгэлээ төвлөрүүлэн зарцуулжээ. Цаашид ч энэ бас үргэлжилнэ.

- Өглөө бүр ингэж эхлэх үү?
- Өдөр бүр. Оюутан байхад европ хичээлтэй үед алгасах үе байлаа. Гэхдээ өглөө юм уу орой нөхөж уншина. Тарни тоолж байхад чимээгүй орчин үүсгэчихдэг. Энэ үед өөрийн дотоод сэтгэл рүүгээ илүү гүн төвлөрч “өнгийдөг”. Энгийнээр тайлбарлавал зөвхөн өөрийн төлөө уншихгүй байх нь. Энэ бол эх болсон зургаан зүйл хамаг амьтан, миний ойр орчмын хүмүүс, Монгол улс, дэлхий ертөнц, хүн төрөлхтөн, амьтан адгуус, лус савдаг бүгдэд нөлөөлөх хүчтэй. Өглөөний уншлагаа уншиж, бодол цэгцрээд, сэтгэл санаа төвлөрөхөөр зөв шийдлүүдийг гаргана. Зөв шийдэлдээ бүр яг оносон зөв шийдлийг гаргана гээч. Манай эмч нар бас уншлага дундуураа онолын шүн заваагаа ч уншиж бататгадаг. Харин эмчлүүлэгчид бол Өглөөний уншлагад суух их дуртай. “08:00 цаг болчихлоо” гэсээр Манлын өрөөнд түрүүлж ирчихсэн, хүлээгээд суудаг.

- Саяхан “хоёрын” оюутантай Боловсролын үзэсгэлэн дээр хамт суулаа. “Энэ хоёр жилд хичээнгүйлэн номоо үзэж буй бөгөөд төгсөх хүртэл бүүр илүү хичээх ёстой. Шалгуур өндөр шүү. Хэрвээ хичээж чадвал шидийг нь үзнэ” гэнэ. Тэгэхээр уншлага, бясалгалын шид гэж байдаг байх нь ээ?
- Байна, байна. Үнэндээ оюутан байхад уншлагаа гүйцэхгүй хоцрох, уншихад жаахан хэцүү хэсгээс шантрах гэх мэт асуудал гарна. Товчхондоо 100 хувь төвлөрч чаддаггүй үе байлаа. Харин төгсөөд Манла бурханы уншлагаа өөрийн болгоод 100, магад түүнээс ч их хувь төвлөрч, уншлагын хаана аль хэсэгт хэрхэн яаж бясалгахаа мэддэг болcон байна. Миний хувьд сургуулиа төгсөөд хоёр жилийн дараа бясалгалын хүчийг мэдэрсэн. Хоёр жил гэдэг бас урт хугацаа байгаа биз.

- Магад “шинэ” амьдралд дасах хугацаа байх л даа.
- Үнэндээ ажил дээр гараад “Бүх юм гоё болно” гэж бодтол харин ч эсрэгээрээ байдаг юм билээ. /инээв.сурв/ Ахиад шинээр сурах зүйл ямар их байна аа. Хааяа шантрах мэдрэмж төрж байсныг ч нуугаад яах вэ. Гэхдээ бясалгалын хүчийг мэдрээд ирэхээр ахин өөрийгөө олж, илүү итгэлтэй болно. Тэр хэрээр үйлчлүүлчдээ 100 хувь үзлэг, эмчилгээгээ хийж, зөвлөгөөгөө өгдөг. Тэндээс би өөрөө аз жаргалтай үлддэгийг мэдэрсэн.  Манай УАУ-ы эмч мэргэжилтнүүдийн нэг онцлог бий. Бидний яриад байгаа уншлага, бясалгалаа хийсний дараа 100 хувь төвлөрч, судсаа чагнадаг.

 

- Дипломоо өвөртлөөд, их эмчийн тамгаа бариад сургуулийн хаалгыг хаах тэр мэдрэмж. Маш их үүрэг хариуцлага ирнэ дээ.
- Тэгэлгүй яах вэ, үүрэг хариуцлага бүүр давхар, давхраараа ирнэ. Яг тэр үед зөвхөн өөрийн мэдлэг, чадварт найдахаас өөр аргагүй.

- Өглөөний уншлагын дараа нь...?
-Өглөөний уншлагаар эхлээд дараа нь удирдлагуудадаа ажлаа танилцуулна. Шинэ ажлын төлөвлөгөө гаргаж, хуваарилна гээд үргэлжилнэ ээ.

-Оюутан байхдаа хүүхдийн эмчээр мэргэших хүсэлтэйгээ ярьж байсан. УАУ-ы эмч нар ингэж мэргэших боломжтой юу?  
-УАУ-ы  их эмч нь хүүхэд, эмэгтэйчүүд гэж мэргэшиж болох юм. Тэрнээс бөөр, уушги, зүрхний УАУ-ы эмч гэж салгах боломжгүй. Оюутан байхдаа хүүхдийн эмчээр мэргэшнэ гэж боддог байлаа. Сонин шүү, төгсөөд миний тасагт авсан анхны үйлчлүүлэгч гурван настай. Бид одоо ч холбоотой байдаг. Хүүхдийн хувьд хүндрэх, эдгэрэх явц нь маш хурдан учраас хүндрэлээс сэргийлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл илүү их хянуур хариуцлагатай байхыг шаарддаг. Яваандаа энэ чиглэлдээ мэргэшинэ дээ.

-Хүүхдийг ч судас чагнаж оношлох уу?
-Хүүхдийг чихний болон хурууны судсаар нь оношилдог онцлогтой.  
 
“ЭМЧ ЭЭ ТА” ГЭЖ ДУУДУУЛАХ БАХАРХАЛТАЙ МЭДРЭМЖ
 
-Яриа маань эмч нарын өрөөнд үргэлжилж байна. Энэ оны “Мөрөөдлийн самбар”-аас харахад олон зүйл төлөвлөж шүү.
-2023 оны “Vision board”-ыг харж амжжээ. /инээв.сурв/  Энэ жил хятад хэлээ үргэлжлүүлэн суралцах, балетаар хичээллэх, санхүүгээ зөв зохицуулах, өөртөө болон гэр бүлдээ цаг гаргах, сошлд анхаарал хандуулах гэхчилэн олон зүйлийг төлөвлөөд ажиллаж явна. “Vision board”-дээрх энэ дээшээ гараа өргөсөн зураг нь “Ямар нэг ажлыг эхлүүлсэн бол заавал дуусгах ёстой”-г өөртөө сануулдаг мессэж байгаа юм. Ер нь зураг бүрийн ард маш олон зорилго, зорилтууд бий. Үүнийг оны эцэст дүгнэж, өмнөх онтойгоо харьцуулах бас л гоё мөч байдаг. Одоо үед бол manifest гэж яриад байна шүү дээ. Би энэ аргаар олон ажлын ард амжилттай гарсан.

-Жишээ сонирхуулж болох уу?
-Болно шүү. Би II курсийн оюутан байхдаа 2032-2033 онд шинэ эмнэлэгтэй болно гээд зураг хэвлэж наагаад, эмнэлгийнхээ тохижилт, ажиллах орон тоо, байршил зэргийг товч, тодорхойгоор том дэвтрийн хоёр нүүрээр бичиж үлдээсэн юм. Тэр болтол сургуульдаа багшилна гэж боддог байлаа. Тэгвэл өнөөдөр “Манба Дацан” эмнэлгийн салбар шинэ эмнэлэгтээ ажиллаж байна. Энэ манай тасгийн эмч нарын өрөө. Би тасгийн эрхлэгчтэйгээ хамт суудаг.

- Ажлын ширээ... Эзнийхээ тухай төвөггүй таниулдаг гэж боддог. Танай өрөөний хамгийн гоё хэсэг аль вэ?
- Манла бурхантай тахилын хэсэг их гоё. Манай эмч нарын бүх өрөө ийм зохион байгуулалттай. Нөгөө талд нь УАУ-ы онолын самбаруудаа байрлуулсан байна. Энэ нь дадлагаар ирэх оюутнуудад гарын авлага болдог юм. Харин миний ширээний дуртай хэсэг бол энэ номын тавиур. Номон дунд суухаар эерэг, эрч хүчтэй энерги төрдөг. Жишээ нь компьютерийн өрөөнд ороход тоглогч болсон мэт санагддаг даа. Түүн шиг  номтой өрөө, номын үнэр “За ажлаа л хийе, номоо л үзье” гэдэг мессэжийг өгдөг. Би ном унших дуртай.

-Энд бас ОМИС-ийн төгсөгчийн Улаан диплом байна. Шууд л нүдэнд туслаа.
-Тийм ээ, улаан дипломоо тавьсан нь гайхуулж байгаа хэрэг огтоос биш. Энэ диплом, энэ лицензийг өдөр бүрийн хичээл зүтгэл, шамдлаар авсан болохоор “Бууж өгч болохгүй шүү” гэж өөрийгөө зоригжуулдаг юм. Дипломоо харахаар өөрөөрөө жаахан ч гэсэн бахархаж, лицензээ харахаар “Чи эмч болчихсон шүү дээ. Чамд маш их үүрэг хариуцлага байна” гэж бодогддог. Бас эмчийн тангараг, гэрчилгээгээ харахад өөрийн эрхгүй гоё мэдрэмж төрнө өө.

- Ер нь эмч хүний хамгийн жаргалтай мөч яг хэзээ вэ?
- Сайхан мэргэжил л дээ. Эмч ээ, Та ... Хэзээ ч, хэн ч  “Эмч ээ чи” гэж хэлдэггүй шүү дээ. Тэр хэрээр итгэл, хүндлэл явдаг учраас хариуцлагатай ажил. Үүрэг хариуцлагаа ухамсартайгаар зөв биелүүлээд, “Эмч ээ Та” гэж дуудуулах бахархалтай. Гэхдээ үүнд хэзээ ч онгирч болохгүй. Энийг дарах ерөндөг нь Өглөөний уншлага, бясалгал байгаа юм. Үйлчлүүлэгчийн оношийг зөв тавиад, “Таны тэнд энд өвддөг  үү, танд ийм ийм зовуурь байна уу гэж” асуухад “Тийм ээ та яаж мэдэв” гэх хариулт. Үүний дараа өөртөө итгэлтэйгээр эм эмчилгээгээ  сонгоод, тохирсон зөв зөвлөгөөг өгөөд гаргах сайхан шүү. Анх “За залуу эмч яадаг бол доо” гэж харна аа /инээв.сурв/. Харин гарахдаа нүүрэнд нь баясал төрөөд, талархаад гарснаар эмч бидэнд эрч хүчийг өгдөг. Сүүлд нэг толгой нь маш хүчтэй өвддөг үйлчлүүлэгч ирж үзүүлсэн. Оношоо тавиад, эмчилгээнд явуулж, тангаа бичиж өгсөн. Хэд хоногийн дараа ирэхдээ “Толгойн өвдөлт үгүй болсон. Баярлалаа эмч ээ” гэх үгийг сонсох үнэхээр сайхан байлаа. Энэ мэт баяр төрүүлсэн жишээ байна, байна.

- VI курсийнхний сүүлийн хичээл дээр багш “Эмч бол суудал өндөр мэргэжил” болох тухай дэлгэрэнгүй тайлбарладаг.
-Тийм ээ, язгуур угсаа өндөр хүний түвшинд үнэлэгдэж чаддаг мэргэжил учраас хүндлэл дүүрэн эмч байхад маш их сахилга бат, тэвчээр, шамдлыг тухайн хүнээс шаарддаг юм.

- Ингэхэд судас эзнийхээ тухай юу юуг өгүүлдэг юм бэ?
- Судасны чимээ маш олон зүйлийг хэлнэ. УАУ-ы онолд бие, хэл, сэтгэлийг судсаар чагнаж  оношилдог. Жишээ нь ганцхан зүрхийг чагнахгүй нь байна. Тухайн хүний сэтгэлийн мэдрэмжүүд, өдөр тутмын амьдралын хэв маяг, хийж буй ажил зэрэг олон мэдээлэл байна. Энэ хүний энэ явдал нь болохгүй байна гэж ч хэлнэ.  
Долоон гайхамшигт судас гэж байдаг. Тодруулбал, аавынх нь судсаар охиныг нь, ээжийнх судсаар хүүг нь, нөхрийн нь судсаар эхнэрийг нь, эхнэрийн судсаар нөхрийг нь үздэг. Энэ нь баталгаа нотолгоотой учраас судсаар маш олон мэдээллийг мэдэх боломжтой. Тэгэхээр хүмүүс мэргэч төлөгчтэй жишдэг. Үгүй л дээ, бид судасны чимээ бүрийг онолоор заалгаж, практикт маш олон дадлага хийдэг.

- Долоон гайхамшигт судас гэнэ ээ, гайхалтай. Эхнэр нөхөр болно гэдэг судсаар нь нэгийг нь таних хүртэл нарийн байх нь.
-Тийм ээ, эхнэр нөхөр маш нарийн холбоотой улс. Таван махбод, мөн чанар, үйлийн үрээрээ нягт салшгүй холбогдсон байна. Ээж, хүүхдүүд ч ялгаагүй. Ээж нь өвдөхөөр хүүхдүүд нь нурмайчихдаг. Эсвэл хүүхэд нь нурмайхаар ээжийн нь сэтгэл тавгүй болчихдог. Ер нь ээж, аав, хүүхэд нь маш нарийн үйлийн үрийн холбоогоор холбогддог юм.
 
СУРГУУЛИЙГ ЗОРИН ИРЖ СУРАЛЦАХ ГАДНЫ ОЮУТАН ОЛОН БИЙ
 
-ОМИС-ийн багшаас ажлын гараагаа эхэлсэн. Ахиад багшийн гоё мэдрэмжээр яриагаа үргэлжлүүлэх үү?
- Түрүүн хэлсэн дээ. Сургуулиа төгсөөд багшаараа ажиллана гэж бодож байсан гэж. Оюутан цагийн эрч хүч сулрах ч завдалгүй ажилдаа орсон болохоор үнэхээр сайхан байдаг. Багш ч бас Та-г дагуулдаг. Тэгэхээр мөн л хүндлэл хүлээхүйц мэдлэг чадвартай багш байх ёстой. Тэрний төлөө хичээх хэрэгтэй болж байгаа юм. Хичээлээ урьдчилан чин сэтгэлээсээ бэлдчихээд, оюутнууддаа заагаад, үр дүнг нь харах мөн л гоё мэдрэмж. Шүүлэг авах ч гоё. Тэр бүрд багш мэдлэгээ зузаатгаж байдаг. Багшийн хувьд хичээл орж байхдаа нюансыг нь тааруулах ёстой. Өмнөтгөл, оргил үе хаана байх уу, аль хэсэгт нь ярианыхаа эрчийг бууруулах уу гээд л. Мэдээж багш хүний хувьд илтгэх чадвар маш чухал.
Анхаарлаа төвлөрүүлэн, аливаад сатаарахгүйгээр багшийн чин сэтгэлийг хүлээж авч байгаа оюутнуудын  харц андашгүй. Тэгэхгүй хэн нэг нь унтаад, эсвэл үл тоогоод утсаа оролдож байвал гунигтай гэх нь хаашаа юм урам хугардаг. Гэхдээ аль ч тохиолдолд оюутнуудын анхаарлыг 100 хувь татах чадвартай байх хэрэгтэй л дээ. Хүн ер нь багш, эмч хоёр мэргэжлийг эзэмшээд ирэхээр цаанаасаа их ярьдаг хүн болчихдог юм шиг ээ. Мэдэж байгаагаа цааш түгээмээр санагдаад байдаг юм билээ.

- Та бол 31 жилийн түүхтэй ОМИС-ийн төгсөгч. Бас удам залгасан эмч. Ингэхэд танай гэр бүлд хэчнээн эмч байна вэ?
- Би гурван ах, нэг эгчтэй, нэг дүүтэй. Том ах өөр мэргэжилтэй. Гэхдээ манай мэргэжлээр суралцаж байсан. Дараагийн хоёр ах, эгч ч мөн эмч мэргэжилтэй. Дүү маань одоо ОМИС-ийн II курсийн оюутан. Нөхөр бас эмч, багш хүн. Бид эрүүл мэнд, боловсрол, эм үйлдвэрлэл, шашны салбарт зүтгэж яваа улс. Бахархалтай шүү.

- ОМИС бол УАУ-ы эмч, мэргэжилтэн бэлтгэхээс гадна хүн байхын утга учрыг илүү ойлгуулж, төлөвшүүлдэг. Энэ биеийг олж төрөөд хүн байхын учрыг жинхэнэ утгаар нь мэдэрч амьдарна гэдэг сайхан юм.  
- Түрүүн яриандаа цухас дурдсан даа. Манай сургуулийн хөтөлбөр маш цэгцтэй явдаг тухай. Ажил дээр гараад сэргээхэд л санадаг. Хэддүгээр курстээ ямар ямар хичээлээ оруулах уу, тэр нь дараа нь хэрхэн холбогдох уу гээд маш төгс хөтөлбөр юм. Үүнээс гадна манай сургууль бааз хоёр эмнэлэг, эмийн үйлдвэр, хөдөөгийн бааз, орон хийдтэй. Оюутнууд нэгдүгээр курсээс эхлээд ургамлын хээрийн дадлагад гарах бөгөөд жилийн дөрвөн улирал сургалт дадлага явагддаг. Мөн европын тусламж үйлчилгээ үзүүлдэг бүх шатны эмнэлэгт дадлагад гардаг. Төвөд хэлийг нэгдүгээр курст орсон эхний өдрөөс үзсэнээр УАУ-ы ном судрыг эх сурвалжаас нь үзэж судлах боломжтой болж байгаа юм. Сургуулийг зорин ирж суралцах гадны оюутан олон бий. Өнөөдөр эхнээсээ төгсөөд Манба Дацан эмнэлэгтээ ажиллаж байна. Энэ нь Монголын бахархал болчхож байгаа  юм. Мөн бас төгсөгчдийн хүүхдүүд нь удам залган УАУ-ы эмч мэргэжлээр суралцаж байна. Би ч тэдний нэг.  

УАУ-ы эмч хүнийг бие, хэл, сэтгэлээр нь оношилж, эмчилдэг. ОМИС-ийг төгсөж буй эмч нар бүх талаас нь оношлох, эмчлэх чадвартай төгсдөг юм. Нөгөө талаас хүн болж төрсний учир холбогдлыг илүү ухаж ойлгодог. Товчхондоо  амьдралын зорилгоо олж авдаг. Энэ бол үнэхээр гайхалтай. I курстээ төвөд хэл, эмчийн ёс зүйн хичээл орж дуусахад хувь хүн болж төлөвшчихсөн байдаг. Энэ бол хамгийн гоё, том онцлогуудын нэг. Амьдралын зорилго нь маш өөр болдог. Буян нүгэл, үйлийн үрийн нарийн тогтолцоо, юуг хийж, юуг хорих уу, ёс зүй сахилга бат, юунд хичээж шамдах зэрэг  мэдлэгийг шинэ оюутны эхний хоёр сард л үзэж дуусгадаг. Хүмүүс том хаусанд амьдрах, гадаадад гарах, их мөнгөтэй гэхчилэн мөрөөдлөө ярьцгаадаг. Харин манай оюутнуудаас асуувал их өөр хариулт хэлнэ ээ. Ямар  өөрчлөлт гардагийг ээж аав нар, ойр дотныхон дуу нэг ярьдаг л юм.
-Нээрээ л тийм шүү.
 
ГАДААД ХЭЛИЙГ ОЮУТАН БАЙХДАА Л АМЖИЖ СУРАХ ХЭРЭГТЭЙ
 
- Сургуулиа төгсөх нэг хэрэг. Төгсөөд ажил мэргэжлээрээ ажиллахад шинээр буюу магадгүй /практик амьдралаас/ ахиад юуг сурч эхэлдэг юм бэ?
- Ажил дээр гараад харилцаа хандлага номер 1 чухал гэдгийг ойлгосон. Үнэндээ үйлчлүүлэгч, ажлынхандаа дундаа муухай уур амьсгал бүрдүүлээд, таагүй энерги төрүүлдэг хүмүүс бий. Тийм байж болохгүй л дээ. Мэргэжлийн ур чадвараас гадна багаар ажиллах чадвар, харилцаа хандлага, шударга байдал сайн эмч байхад их нөлөөтэй. Бас хууль эрх зүй, санхүүгийн мэдлэг, шинэ техник технологи дээр ажиллаж сурах, судлах хэрэг гарч байна. Мэдээж бас гадаад хэлний мэдлэг хэрэгтэй. Эндээс харахад ер нь ямар ч мэргэжлийн хүн алхам тутамдаа суралцсаар л явдаг ажээ.           
ОМИС-д уламжлалт анагаах ухаан 70, европ хичээл 30 хувиар ордог. Оточ Манрамба Их сургуулийн хичээлийн хөтөлбөрийн хувьд ярилтгүй сайн гэдгийг амьдрал дээр гараад илүү ойлгож явна. Жишээ нь нэгдүгээр курст төвөд хэл үзлээ, хаагдлаа. Дараа нь эмчийн ёс зүй орно, мөн хаагдана. Энэчлэн судас, шээс оношлогоо, адын өвчин гээд үргэлжилнэ. Тэгэхээр цаг тухайд нь хичээлээ сайн хийх ёстой. Дараа нь үйлчлүүлэгч орж ирэхэд цогцоор нь мэдэж байж оношоо тавина, эм, эмчилгээгээ бичнэ. Энэ бол эмч хүний хувьд маш том сорилт юм. Тэрнээс би зөвхөн судсаар оношилдог гээд суухгүй. Ямар ч зовуурьтай хүн ирж болно. Нэн ялангуяа уламжлалтын эмч хүн дээр нас насныхан ирэх бөгөөд ямар ч зовуурьтай байж болно. Сэтгэлий зовуурьтай нэгэн байхад адад хорлогдсон ч байна. Тэр бүрт эмч бэлэн байх ёстой. Тэгэхээр оюутан байх хугацаандаа хичээлээ цогцоор нь уялдуулж ойлгох нь их чухал. Жишээ нь чих өвдсөн зовуурьтай хүн ороод ирлээ. Тэгвэл ганц чих хамар хоолойн өвчнөөс гадна бөөрөөс үүдэлтэй байдаг. Тэгэхээр бөөрний өвчин, чихний өвчин хоёрыг уялдуулж ойлгох хэрэгтэй байх нь байна шүү дээ. Үүн дээр бас гардан үйлдлийн хичээл их чухал.

- Багшийн хувьд шавь нартаа юу гэж хэлэх дуртай вэ? Яг энэ мөчид зөвлөгөө өгөцгөөх үү?
- “Тасалж болохгүй”. Хичээлийн цагийг зөв ашиглах хэрэгтэй. Цагаа зөв төлөвлө гэж их хэлдэг юм уу. Харахад сүүлийн үеийн оюутнууд их амархан шантрах гээд байх болж. Нэг хичээл дээр уначхаараа шантраад, дараагийн хичээл дээр хоцорно, үгүй бол тасалдаг. Сэтгэл зүйн хувьд тогтвортой байх хэрэгтэй л дээ. Бэрхшээл тохиолдолд зөв сэтгэлээр, сахилга баттайгаар даваад гардаг байгаасай.
Нөгөөтэйгүүр гадаад хэлний мэдлэгээ сайжруулахыг зөвлөнө өө. Хэлийг оюутан байхдаа л амжиж сурах хэрэгтэй. Амьдрал дээр гарлаа, араасаа “алгадуулаад” тэр бүр цаг гарахгүй. Би хятад хэлийг хоёр дахь жилдээ үзэж байна. Оюутан байхад нэг курс хичээлийг тун хялбар дуусгасан бол одоо арай удаан үргэлжлүүлэх жишээний. Дээрээс нь спорт, урлагийн талын авьяасаа мөн л оюутан байхдаа хөгжүүлээд ав. 10 жилдээ хичээллэж байсан бол оюутан болоод ч үргэлжлүүлэх хэрэгтэй. Энэ  чадварууд ажил дээр гараад ч хэрэг болно. Техник технологийн  тал дээр надаар хэлүүлэлтгүй ойлгож байгаа биз ээ. Орчин үед нүд ирмэхийн зуурт л шинэ, шинэ платформууд гарч байна. Түүнийг цаг алдалгүй суралцах хэрэгтэй.
Үүнээс гадна энд нэмэхэд эмч хүн өөрөө эрүүл байх ёстой. Өөрөө таргалалттай байгаад таргалсан хүнийг эмчилж чадахгүй. Тиймээс идээ ундаа, явдал мөр зөв байх хэрэгтэй. Эрт унтдаг, эрт босдог, дасгал хөдөлгөөн хийдэг гэх мэт. Мэдээж өглөөний цай, өдөр, оройн хоолыг хэмжээнд нь тохируулж иддэг байх. Хүнд зөвлөөд байж өөрөө хэрэгжүүлэхгүй байж болохгүй юм. Өөрөө хэрэгжүүлдэг дадлуудаа бусдад зөвлөхөд илүү хүчтэй өнөө хүндээ хүрдэг. Өөрөө тангаа уухгүй байж тангаа уугаарай гэхээр ямар сонстох уу. Иймээс эмч гэлтгүй хэн нэгэнд зөвлөгөө өгөх гэж байгаа бол өөрөө хэрэгжүүлдэг л байх хэрэгтэй. Өглөө эрт бос гэчихээд өөрөө унтаад байж болохгүй юм.

- Их олон ажлыг амжуулах юм аа. Бас Youtube  /https://www.youtube.com/@eejgii4848/ суваг хөтөлдөгийг мэдэх юм байна.
- Оюутан байхаас л судалж эхлүүлсэн ажил байгаа юм. Гэхдээ олонд хүргэхэд зориг хэрэгтэй юм билээ. /инээв.сурв/ Ингээд цаг хугацааны хувьд энэ жил таарч, ажил хэрэг болгосон доо. Нэг талаараа фото зураг авч, видео бичлэг хийх, эдитлэх миний хобби байгаа юм. Нөгөө талаар эмчийн хувьд хүмүүст эрүүл мэндийн чиглэлээр зөв мэдээлэл түгээе, мэдэж буйгаа бусадтай хуваалцъя гэсэн сэтгэлээс үүдэлтэй. Энэ чиглэлээр хийхээр төлөвлөсөн олон ажил байна аа.

- Ярилцлага маань өндөрлөх гэж байна. Эмчтэй уулзсаных уншигчдадаа зөвлөгөө авмаар байна. Дулаарахаар хүмүүс турах, мацаг барих тухай ярьж эхэлдэг.
-Хавар бол бадган босдог улирал. Тэр утгаараа залхуурах мэдрэмж төрж, ядарна. Ийм үед шамдалыг ерөндөг болгох хэрэгтэй. Ядарлаа гээд унтаад байх биш эсрэгээрээ эрүүл зөв хоололт, дасгал хөдөлгөөн, шамдалаар “хямралыг” давах хэрэгтэй. Орчин үед хавар боллоо, мацгийн улирал эхэллээ гэж яриад байна. Энэ бол маш буруу. Мэдээж хавар мацаг барьж болохгүй. Шим тэжээлийг хоолноос авах цаг шүү дээ. Манай онолд хэт их илүүдэл жинтэй хүмүүс хаврын улиралд мацаг барина. Гэхдээ галын илч болоод тамир сайтай хүмүүс онолын дагуу мацаг барина гэж заасан байдаг
- Ярилцсанд баярлалаа.

img

Утасны дугаараа бүртгүүлээд хэрэгтэй мэдээллээ аваарай