“...Чи хаашаа явах гэж байгаа юм бэ?
Улаанбаатар. Монгол Улсын нийслэл рүү
Хөөх, тийм үү, Чингис хаанд миний мэндийг хүргээд, айраг авчраарай”.
Монгол руу аялах миний аяллын тухай яриа иймэрхүү л өрнөдөг байсан. Хөөмийн видео бичлэг, "Монгол үхрийн мах" болон домогт "Чингис хаан"-аас өөрөөр тус улсын талаар австраличуудын ихэнх нь надтай адил бараг мэддэггүй юм шиг санагддаг. Монгол орны тухай анхны сэтгэгдэл говь цөлийн дээгүүр нисч байгаа маань байсан юм. Асар уудам зэлүүд талыг хараад өөрийн эрхгүй гайхшрал төрж, зөв нислэгтээ суусан эсэхдээ эргэлзэж суудлын тасалбараа хүртэл шалгасан.
Монголд байх хугацаандаа байрлах айлын эзэгтэйн халуун дотно тэврэлт, найрсаг зан Улаанбаатарын цочир хүйтэн салхийг даван туулахад тусалсан. Нисэх буудлаас явах зам зуураа тэр надад өөрийнхөө болоод эх орныхоо тухай сонирхуулсан бөгөөд түүний эх орон, ард түмнээ гэсэн сэтгэл Монгол орны талаар улам ихийг мэдэх хүслийг төрүүлнэ. Гэхдээ "Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал нь хотоос нэлээн зайтай тул үүнээс цааш юу хүлээж байгааг тааварлах аргагүй юм.
Эхлээд Улаанбаатар хотын түгжрэлийн оргил цагийн замын ачаалал айдас төрүүлэв. Гэрлэн дохио ховор. Замын тэмдэг, хамгаалах бүсээ бараг л хэрэглэдэггүй, тэвчээргүй жолооч нарын машины урсгалыг замын цагдаа зохицуулдаг. Монголчууд гомдлоо машиныхаа дуут дохиогоор илэрхийлэхээс эмээдэггүй бололтой.
Хамт амьдарч байгаа айлын эзэгтэй миний ажиллах сургуульд Монголын уламжлалт анагаах ухааны чиглэлээр суралцдаг ба түүний гэрээс сургууль руу ердөө 20 минут алхаад очдогт би маш их баярласан. Хэдий тийм ч, зам хөндлөн гарах нь тусдаа спорт шиг л санагдсан юм.
ХҮМҮҮСТЭЙ ХАМТ ЗАМ ХӨНДЛӨН ГАРАХАА МАРТУУЗАЙ!
Улаанбаатар хот хэмээх их шуугианы гүнд “үүрээ засан нуугдан” мэт байрлах их сургууль, эмнэлэг, хийд, эмийн үйлдвэрээс бүрдэх Манба Дацан Монгол Уламжлалт Анагаах Ухааны Сургалтын Төвд хоёр долоо хоногийг сурч, сонсож, инээж, идэж, гайхаж, бичиж өнгөрүүлэх болно. Миний мэддэг бүх зүйлээс тэс өөр, огт мэддэггүй ертөнц аж.
Оточ Манрамба Их сургуулийн оюутнууд, Манба Дацан эмнэлгийн ажиллагсад бол Монголын уламжлалт анагаах ухааныг сахин хамгаалагчид юм. Эхний өдөр намайг төвийн үйл ажиллагаатай танилцуулав. Эмийн үйлдвэр, үүдэнд нь дөхөв үү, үгүй юу өвс, ургамал, халуун ногоо, эрдсийн анхилуун үнэр угтсан бөгөөд тэдгээрийг зөв хольсноор Монголын уламжлалт анагаах ухааны үндсэн суурь болдог. Эмийн ургамал бүрийг тусад нь савлаж хадгалсан том улаан хувингуудыг онгойлгоход ургамал бүрийн өөр өөрийнх нь өвөрмөц шид мэдрэгдэнэ.
ЭДГЭЭР ЗҮЙЛ ҮНЭХЭЭР МАНАЙ ДЭЛХИЙГЭЭС ГАРДАГ ГЭДЭГТ БИ ИТГЭЖ ЯДАН БАЙЛАА
23 жил амьдарсан дэлхийгээ би өөрөөр харж эхэлсэн юм. Хүн төрөлхтний эрүүл мэндийг сахин хамгаалах, хамгийн аюултай өвчнийг эмчлэхэд шаардлагатай байгалийн нөөцийг энэ цэнхэр гараг агуулдгийг Буддын гүн ухааны номын дууг сонссон эмч, оточ нар бүр эрт дээр үеэс мэддэг байжээ. Монголчуудын надад тайлбарласнаар Монголын өвөрмөц цаг уур, түүндээ тохирсон хооллолт, амьдралын хэв маяг бүгд учир холбогдолтой. МЭӨ 3000 оны үеэс эхлэлтэй Монголын уламжлалт анагаах ухаанд суралцсан Буддын шашны лам нар эмчилж байсан ба одоо ч 5000 жилийн дараа эмчилсээр байгаа юм.
Монголын уламжлалт анагаах ухаан нь Аюурведийн болон Төвөдийн анагаах ухаантай холбоотой бөгөөд эртний олон судрыг судлахын тулд төвөд хэл, уламжлалт монгол бичиг, санскрит хэлний мэдлэгтэй байхыг хувь хүнээс шаарддаг.
Гэрийн эзэгтэй “Анагаах ухааны дөрвөн үндэс”-ийн “Увдисын үндэс” номоо надад түр хэрэглүүлсэн юм. Төвөд хэлнээс англи хэл рүү орчуулсан цэнхэр өнгийн зузаан хавтастай энэхүү номд бүх төрлийн өвчин, эмчилгээний талаар өгүүлсэн байдаг. Номын эхний хэсэгт бие, сэтгэл, амьдрах эрч хүч нь харилцан хамааралтайгаар биднийг эрүүл саруул амьдрахад удирдан чиглүүлдэг гэж бичсэн нь өөрийн эрхгүй анхаарал татаж, сэтгэл хөдөлгөсөн. Бие болоод сэтгэлийн өвчнөөс болж өдөр бүр зовж, эдгээр зүй тогтол бие биеэсээ тусдаа хэмээн үздэг. Австралид байгаа найз нарыгаа өөрийн эрхгүй санав. Барууны анагаах ухаанд бидний эрүүл мэндийг зөвхөн махан биеийн эрүүл мэнд гэж үзээд оюун санаа, энерги, сэтгэл гэх ойлголтуудыг дутагдалтай авч үздэг юм шиг санагдсан.
"Эхний долоо хоног чинь ямархуу өнгөрөв?"
'Хүйтэн байна уу?'
"Эмч нар нь ямархуу хүмүүс байдаг юм байна?"
Австралид сувилагчаар ажилладаг ээж маань Монголд байх өдрүүдийн сонин сайхныг догдлон сонсоно оо.
Нэгхэн долоо хоногт би маш их зүйлийг сурсан байлаа…
Монголын уламжлалт анагаах ухаан нь анагаах ухаан, шинжлэх ухаан, сэтгэлийн эрүүл мэндийн цогц ойлголт болж монголчуудын амьдралд олон мянган жилийн турш шингэсэн юм. Зөвлөлт Холбоот Улс “коммунизм”-ыг дэлгэрүүлж байх үед Монголд Сталиний хэлмэгдүүлэлт болсноор Буддын шашинтнуудыг хавчиж, Монголын уламжлалт анагаах ухааны үйл ажиллагааг хориглосон байжээ. Улмаар 1990 онд ардчилсан хувьсгал гарч, түүнээс нэг жилийн дараа буюу 1991 онд Манба Дацан Нэгдсэн эмнэлэг нь 5000 жилийн түүхтэй УАУ-ыг цогцоор нь хөгжүүлэх зорилготойгоор байгуулагдсанаар өнөөдөр энэ салбарыг тэргүүлж байна.
Аялал маань үргэлжилсээр.... Сэргэлэн нүдтэй оюутнууд өглөө бүр Төвөд хэл дээр унших уншлага, инээлдэж буй цуурай нь сургуулийн ханыг нэвтлэн намайг угтан авах шиг. Төвийн барилгууд нь энгийн даруухан хийцтэй ч оюутнууд нь баяр жаргалтай байгаа нь нэг зорилготой, эв эеийг эрхэмлэснийх гэлтэй.
Манба Дацан эмнэлгийн хамгийн ахмад, хамгийн шилдэг сувилагч нарын нэг Ц.Ишинтэй танилцана уу.
Сувилагч Ц.Ишингийн арвай үнэртсэн массажны өрөө. Энд тэрээр уламжлалт анагаах ухааны Оточ Манрамба Их Сургуульд элсэн суралцаад, төгсөөд Манба Дацан эмнэлэгт ажиллаж байгаа тухайгаа дэлгэрэнгүй ярьж өглөө. Би түүний монголоор ярьсан нэг ч үгийг ойлгоогүй ч Ц.Ишингийн хацар дээрх үрчлээсүүд мянга мянган түүхийг өгүүлнэ. Би түүний сувилагчийн ажилд тууштай зүтгэснийг анхааралтай сонсож, энэ бол түүний ажил биш харин амьдрал нь юм байна гэдгийг ойлгосон.
Энэ эмнэлэг бол энд байгаа хүмүүсийн итгэл үнэмшил, хүсэл тэмүүллийнх нь газар гэдэг нь эхний долоо хоногоос надад тодорхой болсон. Оюутнууд нь долоо хоногт олон цагийг уламжлалт анагаах ухааны шүн онолд гүн гүнзгий суралцаж, улс орныхоо уламжлалт анагаах ухааныг бусдад түгээн, түүнд хувь нэмрээ оруулах хүсэл зорилготой. Ийм хүсэлтэй Монголын уламжлалт анагаах ухааны эмч, оюутнууд мэдлэгээрээ барууны ертөнцөд хувь нэмрээ оруулахыг хүсэж байна. Тэд барууны анагаах ухаанд байдаггүй оюун санааны ухамсрын түвшинд мөн хүний амьдралыг цогц байдлаар авч үздэг анагаах ухаанд суралцдаг. Тэдний зорилго бол дэлхийн хэмжээнд эрүүл мэндийн асуудалд нь түлхэц өгөх явдал юм. Энэ бол өчүүхэн төдий зүйл биш ч би тэдэнд тус нэмэр болно гэдэгтээ итгэж байна.
‘Энэ нь судасны цохилтоос эхэлнэ.’
Монголын уламжлалт анагаах ухааны үзлэг, оношлогоо нь судас чагнахаас эхэлдэг. Р.Молор эмч хуруунуудаараа бугуйны минь хоёр талд дарж намайг ерөнхийд нь тэр дор нь оношлов. Азаар бүх зүйл маань сайн байлаа.
Нэгэн барилгын 14 дүгээр давхарт байрлах Р.Молор эмчийн эмнэлэг даваа гарагийн өглөө завгүй байв. Цэлгэр өрөөний голд байрлах ширээний нэг талд тэр нөгөө талд нь би сууж байхад миний зүүн талд байгаа өвчтөн цусны даралтаа үзүүлж, баруун талд байх өвчтөнүүд хоёр хоёроор нурууны дасгал хийж, миний ард байгаа өвчтөн цэгэн массаж хийлгэж байв. Сувилагч нар нь хүртээмжтэйгээр олон өвчтөнд зэрэг үйлчилж байлаа. Би амьдралдаа эмчийн ийм өрөө харж байгаагүй. Надад юу бодогдож байгаагаа тэдэнд хэлэхийг ихэд хүсэж байлаа. Жишээ нь, манай нутгийн эмч нарын мэс засал, үзлэгийн өрөө нь ариутгасан, хүчтэй хуванцрын тухгүй үнэртэй, бүх зүйл нь цагаан өнгөтэй байдаг. Хүн болгон монголоор миний ойлгохгүй юмыг ярина. Хоёр дахь долоо хоногийнхоо эхэн гэхэд намайг хүмүүс ширтэхэд хэдий нь дасжээ, би монгол хүнээс өөр хүн билээ.
Р.Молор эмч намайг үзэхээ түр зогсоогоод өөр нэг өвчтөнд бичсэн жорыг авахаар боллоо. Тэрээр тус бүрд нь төвөд хэл дээр бичиж тэмдэглэсэн олон шургуулгатай шүүгээний нэг рүү гараа сунгаж, онгойлгоод дотроос нь эмийн ургамал, халуун ногоо, эрдсүүдийг хооронд нь сайтар хольж бэлтгэсэн багахан хэмжээтэй олноор нь савласан пакетуудыг гаргаж ирэв. Тэр пакетуудыг нугалж, тус бүр дээр тунг тэмдэглэсэн цаасан дугтуйнд хийлээ.
Тэр надруу эргэж харсанаа:
"Юу идэх, юуг амтархан идэхээ байнга анхаараарай, ингэх нь хоол боловсруулах эрхтэн тогтолцоонд чинь чухал юм шүү." Миний хоол боловсруулах систем олон жилийн турш асуудалтай байсан.
Тэр яаж мэдсэн юм бол?
Хэдэн жил сууж юм бичсэн, аялж явсны шинж тэмдэг нуруун дээр минь гарчээ. Р.Молор эмч миний бүсэлхий нурууг бариад, бумба, чулуун жин тавив. Нурууны өвдөлт маань сүүлийн хэдэн сартай харьцуулахад хамаагүй сайжрав. Р.Молор эмчээс ажлынх нь талаар асуухыг ихэд хүсэж байлаа.
Түүний ширээн дээр ирмэг нь урагдаж элэгдсэн гарын авлага ном байв. Тэр Төвөд үсгээр бичигдсэн номоо надад гүйлгэн харахыг зөвшөөрөв.
‘Би эдгээр хуудаснуудаа өглөө бүр ажил эхлэхийн өмнө уншдаг… Манай уламжлалт анагаах ухааны бүх мэдлэг Бурхан Буддагаас шууд дамжиж эдгээр үгсэд шингэсэн юм. Тиймээс би өглөө бүр эмээ холихдоо давтан давтан уншиж, Буддагийн сургаалаар эмээ ариусгаж адисладаг.’.
Р.Молор эмч 2002 онд Оточ Манрамба Их Сургуулийг төгссөн. Тэр жилд ердөө 19 оюутан төгсөж байжээ. Тэрээр Тайвань, Хятадад очиж магистрын зэрэг хамгаалахынхаа өмнө Манба Дацан эмнэлэгт эмчээр ажиллаж байгаад Улаанбаатарт буцаж ирээд нуруу нугалам, үений бариа заслыг ааваасаа өвлөн авчээ. Р.Молор эмчид энэхүү засал эмчилгээ нь түүний гэр бүл, өөрийнх нь хүмүүжил, амьдралынх нь нэг хэсэг болсон гэж хэлсэн нь энэ богинохоон хугацаанд үзүүлээд, эмчлүүлээд суусан надад маш их сэтгэгдэл төрүүлсэн юм. Р.Молор эмч өглөө бүр бясалгалаар өөрийгөө тайвшруулж, өдөр бүр хүмүүсийг эмчлэх болсон шалтгаанаа өөртөө сануулдаг гэсэн. Магадгүй энэ нь өвчтөнүүдийнхээ өвчин зовиурийг зөвхөн махан биеийх нь түвшнөөс илүүтэй оюун санааных нь түвшинд мэдрэмтгий хандаж байгаа нь өвчтөнүүд түүнийг байнга зорих шалтгаан болдог гэлтэй.
‘Барууны анагаах ухааны чиглэлээр ажилладаг бусад эмч нар надад дургүй. Би тэдний өвчтөнүүдийг авчихдаг юм.’
Түүний ажлаас нь саруул ухаан, нуруу тэнэгэр гарч явахдаа яагаад гэдгээ мэдэж байлаа.
Манба Дацан эмнэлэг, Оточ Манрамба Их Сургуульд Монголын уламжлалт анагаах ухаанаар сурч, ажиллаж байгаа хүмүүс, Монголын уламжлалт анагаах ухааны баялаг түүхийг судлахад хоёрхон долоо хоног бол хангалттай хугацаа биш байлаа. Миний мэдэх Австрали улсаас Монгол улс хэдий хол оршдог ч миний мэдрэхүй, биеийн хэмийг минь, анагаах ухааны талаарх өмнөх ойлголтуудыг маань өөрчилсөн юм. Монгол хүмүүс намайг найрсаг, халуун дотноор хүлээн авсан ч бид нэг хэлээр ярьдаггүйн улмаас Монголчуудын билэг оюуны олон сайхан ухаанууд нь нууц хэвээр үлдэх ч цаашид дорно дахины анагаах ухааны эмчилгээ, түүний дэлхийн хүн төрөлхтний эрүүл мэндэд оруулсан хувь нэмрийг гүн гүнзгий судлах сонирхлыг минь төрүүлж байлаа. Би говийн дээгүүр буцаж нисэхээр бэлдэж байхдаа цагаан идээгээр дүүрэн ходоод, аз жаргалаар дүүрсэн сэтгэлтэйгээр эрүүл мэнд, оюун санааны тухай үнэтэй сургамжуудыг авч явах юм.
Жоржиа бол Австралийн Сидней хотын зохиолч, хэвлэл мэдээллийн чиглэлээр суралцдаг оюутан юм. 2023 оны 10 дугаар сард Улаанбаатар хот дахь Манба Дацан Монголын Уламжлалт Анагаах Ухааны Сургалтын төвд англи хэлний редактороор сайн дурын ажил хийсэн. Жоржиа, миний хувьд энэ удаагийн ажлын туршлагаараа эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг төв мөн дорно дахины анагаах ухааны ач холбогдлыг ойлгож мэдсэнээрээ цаашдын минь ажил, амьдрал, уран бүтээлд минь их урам зориг өгсөн хэрэг боллоо.
Орчуулсан: Оточ Манрамба Их Сургуулийн УАУ-ы хүний их эмчийн хөтөлбөрийн 4-р курсын оюутан А.Алтангэрэл