Цахим суваг:-

Элчин сайд, ноён Хэльмут Кулитц: ОМИС-ийн хамт олон УАУ-ы сургалт, эмчилгээ, өв соёлыг хадгалж, хөгжүүлж ирсэн нь Монголд төдийгүй дэлхийн хүн төрөлхтөнд барьсан бэлэг

974

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд, ноён Хэльмут Кулитц өнөөдөр /2023.11.01/ Манба Дацан МУЭСТ-д зочлон Манба Дацан Нэгдсэн эмнэлэг, Оточ Манрамба Их Сургууль, Манба Дацан хийдийн үйл ажиллагаатай танилцлаа.

Ноён Элчин сайд Хэльмут Кулитцийг Манба Дацан МУЭСТ-ийн Захирал, Монгол Улсын хүний гавьяат эмч, профессор, Хамба лам Д.Нацагдорж, Оточ Манрамба Их Сургуулийн ЭШТДС хариуцсан дэд захирал, АУ-ы доктор, профессор Г.Чойжамц, Оточ Манрамба Их Сургуулийн Сургалт эрхэлсэн дэд захирал, АУ-ы доктор, дэд профессор Н.Мөнхжаргал нар хүлээн авч уулзан, үйл ажиллагаагаа танилцууллаа.

Хамба лам Д.Нацагдорж Ноён, Элчин сайдыг Манба Дацан МУЭСТ-д зочлон ирсэнд талархаж буйгаа илэрхийлээд Манба Дацан МУЭСТ болон салбар байгууллагуудын үйл ажиллагаа, Монголын уламжлалт анагаах ухааны түүхэн уламжлал, хөгжүүлж ирсэн замнал, амжилт бүтээлийнхээ талаар сонирхолтой яриа өрнүүлж, Монгол-Герман хоёр улсын хооронд найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэх талаар ярилцлаа.

Хамба лам Д.Нацагдорж энэ үеэр хэлэхдээ “Манба Дацан МУЭСТ нь 1990 онд байгуулагдсан цагаасаа эхлэн дэлхийн соёлт ард түмэнтэй хамтран ажилласаар ирсэн. Бид дэлхийн хүн төрөлхтнөөс сурах ч юм байна, зааж сургах ч зүйл их бий. Дэлхийн хүн төрөлхтөнд өвчин зовлон яг адилхан тохиолддог. Уламжлалт анагаах ухаан нийт хүн төрөлхүйтний өвчнийг эдгээх анагаах ухаан шүү хэмээн айлдсан нь практик дээр яг л батлагдаж байгаа. Би дэлхийн олон улс оронд монгол эм тангаа авч очоод хүмүүсийг эмчилж байсан. Тиймээс бидний хувьд Германы ижил төстэй байгууллагуудтай уламжлалт анагаах ухааны эм, эмчилгээ, сургалт, судалгааны чиглэлд хамтран ажиллах бүрэн боломжтой” гэдгийг онцолсон юм.

Ноён, Элчин сайд Хэльмут Кулитц Хамба ламтай ярилцах үеэрээ сэтгэгдлээ илэрхийлсэн юм. Тэрбээр “Та бүхний туулж ирсэн энэ түүхэн зам маш сонирхолтой бөгөөд надад өндөр сэтгэгдэл төрүүллээ. Уламжлалт анагаах ухааны талаар Хамба лам маш сонирхолтой зүйлсийг ярьж өгсөнд талархаж байна.

Хэлмэгдүүлэлтийн үед Монголын уламжлалт анагаах ухаан хэдийгээр устсан гэж байгаа ч Хамба лам болон Манба Дацан МУЭСТ-ийнхөн үүнийг хадгалан, дахин сэргээж, хөгжүүлж ирсэнийг нь сонсоход сайхан байлаа. Та бүхэн энэ уламжлалт анагаах ухааныг хадгалж чадаагүй бол зөвхөн Монгол улсын хувьд ч биш дэлхийн хүн төрөлхтний хувьд үнэхээр томоохон мэдлэг, өв соёл мартагдах байсан.

Өрнийн анагаах ухаан уламжлалт анагаах ухаанаас сурах юм их бий. Европын улс орнуудад уламжлалт анагаах ухаан байсан. Харамсалтай нь дундад зуунаас хойш устсан учраас одоо хэрэгжүүлж буй эмчилгээний арга зүй байхгүй. Европод сүүлийн үед уламжлалт анагаах ухааныг хүлээн зөвшөөрч, зүү эмчилгээ зэрэг зарим эмчилгээнүүдийг албан ёсоор эрүүл мэндийн даатгалд  оруулан үйлчилгээ үзүүлж байгаа. Мөн уламжлалт анагаах ухааны үйлчилгээ үзүүлдэг газруудыг магадлан итгэмжилсэний дагуу илүү өргөн хүрээнд үйл ажиллагаа явуулж байна.

Хамба лам Д.Нацагдорж тэргүүтэй Манба Дацан МУЭСТ, Оточ Манрамба Их Сургуулийн хамт олон уламжлалт анагаах ухааныг хадгалж, хөгжүүлж ирсэн нь Монголд төдийгүй дэлхийн хүн төрөлхтөнд барьсан бэлэг гэж бодож байна. Тиймээс миний хувьд Герман-Монголын хамтын ажиллагаа болон уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулах боломж байгаа бол бахархалтайгаар хийхэд бэлэн байна” гэв.

Мөн Ноён, Элчин сайд Хэльмут Кулитц Оточ Манрамба Их Сургуулийн оюутнуудтай уулзах үеэрээ “Манба Дацан МУЭСТ болон Герман улсын ижил төстэй байгууллагууд хамтран ажиллах нөхцөл боломжийг бий болгох талаар бид ярилцсан. Сургалт, судалгааны гээд олон чиглэлээр хамтран ажиллахад Оточ Манрамба Их Сургуулийн эрдэмтэн багш нар, төгсөгчид, оюутнууд та бүхний оролцоо их чухал” гэдгийг онцолсон юм.

 

img

Утасны дугаараа бүртгүүлээд хэрэгтэй мэдээллээ аваарай