1017
-Ухаантан мэргэд хэдий эрдэмтэй боловч улам мэргэжихийн тулд ном судар цуглуулъя уу-
“Уламжлалт анагаах ухааны тайлбар зохиолууд” нэртэй 123 боть номыг саяхан Оточ Манрамба Их Сургуулийн номын санд залан авчирчээ. Энэ талаар Оточ Манрамба Их Сургуулийн захирал, Хүний гавьяат эмч, Хамба лам Д.Нацагдоржоос тодрууллаа.
Уламжлалт анагаах ухааны эмнэлгүүд тусламж үйлчилгээндээ асар үр дүнтэй үйл ажиллагаануудыг нэвтрүүлэх боломжийг нээлээ
-Уламжлалт анагаах ухааны онол, дадлагын ном судрыг шинээр сийрүүлэн хэвлэх ажил орчин цагт хэр идэвхтэй өрнөж байгаа бол?
-Сүүлийн үед Хятадын Засгийн газарт ч Төвөд судлалыг хөгжүүлэх бодлого, сонирхол байх шиг байна. Түүний үр дүн ч юм уу, Лхасын эмнэлэг зурхайн байгууллага байгуулагдсан 100 жилийн ойд зориулан 130 боть ном гаргасныг бид бас буддын 10 ухааны хамт өмнө нь залж авчирсан нь одоо манай номын санд бий.
-Энэ удаад таны авчирсан “Уламжлалт анагаах ухааны тайлбар зохиолууд” 123 боть номын ач холбогдлын талаар ярихгүй юу?
-МЭӨ болоод манай эринээс хойших анагаах ухаан болон буддизмтай холбогдолтой маш олон судар номыг орчин цагийн хэвлэл болгон гаргаж байгаа нь энэхүү 123 боть ном юм. Энэ дотор Монгол мэргэдийн “Лүнрэг дандар”-аас эхлээд хэд, хэдэн зохиол бүтээлийн ном орчихсон байгаа. Түүнчлэн анхдугаар Далай ламаас эхлээд Ванчин Богдуудын өөрсдийнх нь номын санд байсан номуудыг хүртэл нийтийн хүртээл болгон гаргаж эхэлж байна. Энэ бол хүн төрөлхүйтний оюун санаанд хувь нэмэр оруулах, маш хэрэгцээтэй зүйл гэдгийг нь харсан холын ухаан юм. Энэ зохиол бүтээлийг уншиж, хэрэглэж чаддаг мэргэжилтэн, боловсон хүчнийг Оточ Манрамба Их Сургууль сүүлийн 30 жилийн хугацаанд бэлтгээд гаргачихсан. Одоо сурч байгаа оюутнууд маань ч үүнийг ашиглаж чадна. Тэгэхээр энэ боть сургалтын маш чухал ач холбогдолтойгоос гадна хүн төрөлхүйтний эрүүл мэндийн салбарт оруулах томоохон хувь нэмэр. Нөгөө талаар уламжлалт анагаах ухааны эмнэлгүүд тусламж үйлчилгээндээ асар үр дүнтэй чухал үйл ажиллагаануудыг нэвтрүүлэх боломжийг олгож байгаа нь их ач холбогдолтой юм.
-Энэ ном Монголд 123 ботиороо орж ирж байгаа нь анхных гэж ойлголоо?
-Ерөөс үйлдвэрээсээ анх удаа ингэж 123 ботиор гарч байгаа юм. 8-9 жилийн өмнө 90 ботиор гарч байсныг бид мөн авч байлаа. Одоо тэгтэл 123 боть болчихсон байна. Жил бүр шинээр судар ном олоод нэмээд байдаг гэсэн үг. Зарим хэсэгт нь “Энэ судрыг тийм хүний нэр дээр тийм газарт хадгалж байна” гэж бичсэн байсан. Тэгэхээр энэ ботид орсон зарим судар нэгхэн хувь үлдсэн, тэр нь хувь хүний гар дээр байгааг харуулж байна. Энэхүү ботийг бүтээдэг институтэд нь би очиж байсан л даа. Тэнд нийтдээ 100 гаруй хүн компьютерт шивж байсны дунд 74 настай хүн ч байсан. Маш туршлагатай, мэдлэгтэй хүмүүс дээр үеийн судруудаас тухайн үеийн барын алдааг нь хүртэл засаж сийрүүлсэн. Маш чухал судалгааны материал юм. Үнэхээр энэ ухааны төлөө явж байгаа хүмүүст бол жинхэнэ гарын авлагууд юм даа.
-Эртний судрууд төвөд хэл мэддэг хүнд ч гэсэн сийрүүлэн уншихад хэцүү байдаг. Уншиж байгаа хүнээсээ чамгүй эрдэм, мэдлэг шаарддаг. Тэгэхээр энэ 123 ботийг Төвөд хэл мэддэг хэн бүхэнд ойлгогдохоор хялбаршуулсан байдлаар сийрүүлсэн гэж ойлгож болох уу?
-Үгүй. Яг тухайн үеийн эрдэмтдийн бичсэн номыг өнөөдөр судраас нь дахин шивээд тэр хэвээр нь орчин цагийн ном болгож л гаргаж байгаа юм.
-Зөвхөн Оточ Манрамба Их Сургуулийн оюутнуудынхаа хэрэгцээнд авчирсан уу?
-Оточ Манрамба Их Сургуулийг төгссөн оюутнууд, эмч, багш мэргэжилтнүүд, ирэх жил дунд сургуулиа төгсөөд Оточ Манрамба Их Сургуульд элсэн суралцахаар төлөвлөсөн хүүхдүүдийн захиалгыг ч мөн хамтад нь авчирлаа. Бид энэ номыг номын сандаа хангалттай тоогоор захиалж авч байна. Үзэж, судлахыг хүссэн хэн бүхэн манай Оточ Манрамба Их Сургуулийн номын санд ирж уншиж болно.
-Тэгэхээр уламжлалт анагаах ухааны мэргэжилтэн бэлтгэж байгаа сургуулиуд дундаас зөвхөн Оточ Манрамба Их Сургуулийн оюутнуудад л эдгээр номыг уншиж судлах боломж одоогоор нээлттэй байна шүү дээ?
-Харин Оточ Манрамба Их Сургуулийн оюутан төгсөгчид МЭӨ анагаах ухааны зохиол бүтээлийг унших чадвартай. Манай эринээс хойш ч олон зуун эрдэмтэд өч төчнөөн боть ном зохиосон. Эдгээрийг үзэж судлах нь нээлттэй. Би энэ номыг бүтээдэг хүмүүст үнэхээр их талархаж байгаа юм. Бас их зүдэрч үүнийг бичиж байгаа шүү дээ.
Мэдлэг, оюун ухаанд том хөрөнгө оруулалт юм даа. Энэ бол цаанаа Монголын ард түмний амны хишиг юм байна. Энэ үед яг энэ анагаах ухааныг ёсчлон, мөн чанараар нь сурч байгаа оюутнууд, эмч нар, багш нарын бас амны хишиг юм байна. Их азтай, буянтай юм байна гэж би тэднийг бодож байгаа. Тэд энэ их мэдлэгийг авна. Бас Монголын ирээдүй, дараачийн үеийнхэн энэ их судар номоор цэнгэж явах юм байна гэж бодон баясаж сууна даа.
21 дүгээр зуун дорнын анагаах ухааны зуун болно
-Төвөд хэл, зурхайн хичээл заахгүйгээр уламжлалт анагаах ухааны эмч бэлтгэж байгаа сургалт, сургуулиудын талаар та ямар бодолтой явдаг вэ?
- Уламжлалт анагаах ухааны мэргэжилтэн бэлтгэж байгаа сургуулиудад энэ анагаах ухааны эх хэлийг нь огт үзэхгүй байна. Төлөвлөгөө дээрээ үздэг нэртэй боловч төгсөж байгаа хүн нь түүнийгээ мэддэггүй. Хүнийг тэгж “сэглэж” хаяад хэрэггүй дээ. Мэргэжлийн хэл гэж байдаг. Мэргэжлийн хэлийг нь үзэхгүйгээр мэргэжилтэн болно гэж байхгүй шүү дээ.
Ёс зүйн хувьд тийм байж таарахгүй. Би Оточ Манрамба Их Сургуулийг анх байгуулсан цагаас эхлээд л “Хэрэв би энэ хүмүүсийг төвөд хэлгүй болгоод төгсгөчих юм бол сургууль байгуулсны ямар ч ач тус гарахгүй дээ” гэж мэдэж байсан. Тэр үед зарим хүн “Энэ одоо шашны юм” гэж үзэж байсан. Үгүй, энэ бол үнэнийг номлосон мэдлэг. Хэзээ ч хуучрахгүй. 21 дүгээр зуун бол дорнын анагаах ухааны том зуун болно. Тэр үед хэн мэргэжилтэй, хэн энэ номыг мэддэг нь гарч ирнэ. Тиймээс би Оточ Манрамба Их Сургууль ямар их буянтай юм, энэ том алсыг харсан бодлого маань зөв байж дээ гэж одоо бодож байгаа.
Хатуухан хэлэхэд, “халтуурын” сургалтаар явсан хүмүүс хэзээ ч гарч ирэхгүй. Тийм сургууль олон байгаа шүү. Тэр дотор улсын сургууль ч бий.
-Дэлхийд яг Оточ Манрамба шиг хөтөлбөртэй сургууль хэр олон байдаг юм бэ?
-Төвөдийн Лхаст иймэрхүү сургалт явж байна. Энэтхэгийн Дарамсалад яг шүн үздэг сургуулиуд бас байна. Непал, Бутан, Секин, Ладакт байна. Одоо Америк болоод Европт ийм сургуулиуд гарчихсан. Яг дөрвөн үндсээр сургалт явуулдаг, шүнгийн сургалтууд гарчихсан байхад монголчууд хэдэн мянган жилийн турш энэ шүнгийн сургалттай байснаа коммунизм, орчин цаг гэдэг хоёр зүйлээс болоод нэг хэсэг нь хаячихсан. Орчин цаг гэж харьцангуй ойлголт. Цаг хугацаа жамаараа л явж байгаа.
Оточ Манрамба Их Сургуульд байгаа 20.000 номыг би бүгдийг нь өөрөө уншиж, сонгож авсан
-Сонирхоод асуухад та өдий хугацаанд анагаахын чиглэлийн хэчнээн ном судар судалсан бэ?
-Би Оточ Манрамба Их Сургуульд ирсэн 20.000 номыг энд тэндээс цуглуулахдаа бүгдийг нь өөрөө уншиж, “Энэ хэрэгтэй” гэж сонгож авсан судар номууд. Өнөөдөр миний өрөөнд гэхэд 500 ном бий.
Эрт дээр үед Монголын сайчуул, эрдэмтэн мэргэд Төвөд оронд сурч ирэхдээ ном л үүрч ирдэг байж. Хувь хүн тэр их замыг туулж ирэхдээ хамгийн ихдээ таван боть ном л үүрдэг байсан болов уу.
Харин өнөөдөр олон номыг нэг дор авах боломж байна. Миний бие энэ “Уламжлалт анагаах ухааны тайлбар зохиолууд” 123 боть номыг бүтээж буй үйлдвэр болон номын дэлгүүрийнхэнтэй нь олон жилийн турш холбоотой байж, хөөцөлдсөний эцэст Оточ Манрамба Их Сургуулийнхаа номын санд залж авчирлаа.
Би өнгөрсөн 30 жилд дэлхийгээс ном л үүрч, зөөж ирлээ. Дээр өгүүлсэнчлэн, одоо манай номын сан 20.000 номтой. Бүгдийг нь энд тэндээс цуглуулж, зөөж авчирсан. Энэ болгоныг цуглуулж оруулж ирнэ гэдэг бас их ажил юм билээ.
-Хаана, хаанаас авчирсан бэ?
-Дэлхийн өнцөг булан бүрээс цуглуулж байсан. Хамгийн их оруулж ирж байсан газрууд нь Энэтхэг, Непал, Лхас. Тэгээд Хятадын Төвөд судлалын академийн эрдэмтдийн хийсэн бүтээлийг цуглуулж байгаа юм. Тэгж би номд сэтгэлээ зориулан, ёстой нуруугаа хотолзтол ном үүрсэн хүн шүү дээ.
Энэ бол баялаг бүтээл шүү. Үүнийг би Монголын ард түмний аман хишигт, ирээдүйн сайчуулын төлөө бэлдэж байгаа юм. Одоо тэгээд хүүхдүүд номын санд ном үзэж байгааг харахад тэр үеийн миний ядрал гэж юу байх вэ дээ гэж боддог юм. Оточ Манрамба Их Сургуулийн номын санд Ганжуурын 108 боть, Данжуурын 224 боть хамгийн гоё хэвлэлтээр бий. Ганжуур, Данжуур уйгуржин монгол бичгээр бүтнээрээ байна.
Одоо бид гаднаас юм хайх хэрэггүй. Эндээ судлах хэрэгтэй. Эндээ харин сайн судлаад гадагшаа дэлгэрүүлэх хэрэгтэй. Юу л үзье гэнэ, түүнийг нь хангалттай бэлдэж өгсөн. Би сонгож авсан номуудаа мэдэж байгаа учраас ингэж хэлж байгаа юм.
-Ярилцсанд баярлалаа. “Уламжлалт анагаах ухааны тайлбар зохиолууд” 123 ботийн уншигчдад хандаж та юу захих вэ?
-Сэтгэл зүтгэл гарган “Энэ номыг авъя” гэж захиж авсан хүмүүст талархаж байна. Яагаад гэхээр хүн хэчнээн ухаантай, мэдлэгтэй байлаа ч гэсэн сурах, үзэх ном байсан цагт тэр нь улам батжиж сайжирч дэвждэг ёстой.
“Ухаантан мэргэд хэдий эрдэмтэй боловч улам улам мэргэжихийн тулд ном судар цуглуулъя уу” гэж үг байдаг даа.
Хэдэн зууны тэртээ эрдэмтэд ямар ном хийж ямар аргаар хүнийг эмчилж, эм хийж эдгээж байсан тухай бүхий л дадлага туршлага, онолын номууд энд бүгд багтчихсан байгаа. Энэ бол том гарын авлага. Тиймээс энэ нь аль, аль талдаа маш их үр дүн авчрах, эрдэмтэн мэргэд төрүүлэн гаргах судалгааны ажлын маш том хэрэглэгдэхүүн болох ёстой.
Ярилцсан: Сэтгүүлч Х.Хулан